М.Болд: Тамын тогоондоо байвал зээлжих зэрэглэл буураад л байна

2014-01-22

- Өөрөөр хэлбэл, энэ зэрэглэл бидний нүүр царайг дэлхий нийтэд харуулж байгаа толь юм

Л.ГАНЧИМЭГ

Монголын банкны холбооны ерөнхийлөгч, “ТэнГэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдтой зээлжих зэрэглэлийн талаар ярилцлаа. 

Зээлжих зэрэглэл буурлаа гэдэг мэдээлэл олон нийтэд цацагдах болсон. Ер нь зээлжих зэрэглэлийг тогтоодог эрх бүхий байгууллагуудыг нэрлээч. Түүнээс биш хэн дуртай нь энэ үнэлгээг гаргадаггүй байх?    

Зээлжих зэрэглэл гэдэг нь тухайн улс үндэстэн, компанийн төлбөрийн чадварыг харуулж байгаа нэг шалгуур үзүүлэлт юм. Аль нэг компаниас ч юм уу, гадаад зах зээлээс зээлээр хөрөнгө татлаа гэхэд түүнийгээ эргүүлж төлөх төлбөрийн чадварыг хэмжсэн олон улсын шалгуур үзүүлэлт. Энэ төлбөрийн чадварыг тогтоодог 3-4 том бие даасан дэлхийн компани байдаг. “Стандарт энд Пүүрс”, “Фитч”, “Мүүдийз” гэх мэт. Эдгээр компани зээлжих зэрэглэлээр мэргэшсэн хоорондоо өрсөлдөгч байгууллагууд. Тиймээс аль болох үнэн зөв шалгуураар бодитой зэрэглэл тогтоохыг хичээдэг. Гэхдээ аливаа байгууллагад байдагчлан эдгээр байгууллагын гаргасан зээлжих зэрэглэлийн оноо тэр бүр 100 хувь үнэн байна гэж бодож болохгүй. 


Яагаад, энэ чинь олон улсын нэр хүнд бүхий компаниуд биз дээ?

Олон улсын компани ч бас алдаж болно. Хүн л үүнийг ажиллуулж байгаагаас хойш 100 хувийн төгс төгөлдөр үнэлгээ гэж байхгүй. Энэ бол ханатай үзүүлэлт юм гэдгийг л гаргаж ирдэг. Түүнээс бурхан шиг шүтэж болохгүй. Хөрөнгө оруулагч нар аль нэг оронд тухайлбал, Монгол Улсад зээл өгөх гэж байгаа бол эдгээр байгууллагаас гаргасан зээлжих зэрэглэлийн оноог харгалзах үзүүлэлт болгодог. Түүнээс биш 100 хувь үүнд итгээд зээл өгөх, хөрөнгө оруулалт хийх, үгүйгээ шийддэг юм биш.


Олон улсын нэр хүнд бүхий хоёр байгууллага манай орны зээлжих зэрэглэлийг муу байна гэдгийг мэдэгдсэн. Тиймээс томоохон хөрөнгө оруулагч нар манай улсын аль нэг компанийг зээлээ эргэн төлөх чадваргүй гэж үзээд хөрөнгө оруулалтаа буцаан татах эрхтэй юу?

Хөрөнгөө эргүүлж татна гэдэг харьцангуй зүйл. Жишээлбэл, үндэстний хэмжээний бонд гаргачихсан байхад түүнийг хугацаандаа л эргүүлэн татна. Тав юмуу арван жилээр бонд гаргасан байхад тухайн хугацаа дуусахад л хөрөнгө оруулагчдад өрөө төлнө. Түүнээс биш хугацаанаас өмнө хөрөнгө оруулалтаа буцааж татахгүй. Харин Монгол Улсын бондыг худалдаж авсан гадаадын хөрөнгө оруулагч нар өөр хоорондоо манай улсын бондыг арилжаалах боломжтой.


Тэгвэл зээлжих зэрэглэл буурсныг ердийн зүйл гэж үзэж байна уу?

Ер нь зээлжих зэрэглэл дээш доошоо болж өөрчлөгдөх нь ердийн зүйл. Зөвхөн Монгол Улсад хамаарах зүйл биш. Аль ч улс орны дотоод, гадаадын нөхцөл байдал өөрчлөгддөг. Тухайлбал, эдийн засаг өсөх буурах, төсвийн алдагдал багасах, ихсэх, гадаад худалдаа нь нэмэгдэх, багасах, инфляц өсөх буурах, гадаадаас авсан зээл нэмэгдэх, багасах, валютын нөөц нэмэгдэх, буурах гэх мэтчилэн маш олон үзүүлэлтүүдээс хамаарч зээлжих зэрэглэл тогтож байгаа юм. Улс орны нийгэм, эдийн засаг, улстөрийн амьдрал байнга өөрчлөгдөж, эдийн засгийн өсөлт дээшилж, доошилж байдагтай холбоотойгоор энэ зэрэглэл өөрчлөгдөж байдаг. Тиймээс олон нийт зээлжих зэрэглэл буурчихлаа ч гэдэг юмуу тогтвортой байгаад сөрөг тэмдэгтэй болчихлоо ч гэдэг юм уу ийм сөрөг, муу мэдээлэл авахаараа их түгшиж, шуугиж эхэлдэг. Зээлжих зэрэглэл сөрөг байснаа тогтвортой болчихлоо, тогтвортой байснаа нэмэх тэмдэгтэй боллоо гэвэл бараг хүн дуугардаггүй. Нийгэм муу мэдээнд илүүтэй анхаарч байгаа нь харагдаж байна. 


Эмзэглэж байгаа шалтгаан нь үр дагавар­тайгаа илүү холбоотой байх. Зээлжих зэрэглэл буурсан нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэгт л илүү санаа зовж байгаа болов уу?

Манай улсын зээлжих зэрэглэл олон улсын хэмжээнд доогуур байдаг. Тухайлбал, “Стандарт энд Пүүрс” компанийн 12 шатлалтай зээлжих зэрэглэлийн зургаад буюу яг тэг дунд нь Монголын зэрэглэл явж байгаа. BB тогтвортой байснаа BB-гэдэг зэрэглэлтэй болсон. Энэ 12 зэрэглэл нь дотроо тус бүртээ сөрөг, нэмэх, тогтвортой гэж гурван төвшнөөр ангилагдаж байна шүү дээ. Тиймээс доороосоо зургадугаар зэрэглэл дотор болж байгаа өөрчлөлт. Үүнд одоохондоо сандарч мэгдэх хэрэггүй. Тэртэй тэргүй BB гэдэг нь олон улсын хэмжээнд их доогуур үзүүлэлт юм. Ийм зэрэглэлтэй улсад мөнгө зээлвэл эрсдэлтэй шүү гэсэн тэмдэг. Тиймээс Монгол Улс төсөв, санхүү, мөнгөний бодлого, улс төрийн тогтвортой байдал, засаг, төрийн зохион байгуулалт, бүтэц, шийдвэр гаргаж буй байгууллагуудын тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой өсөлт, дэд бүтэц, хууль, эрхзүйн орчин, шударга ёс, шүүх засаглал, боловсрол, эрүүл мэнд, ажилгүйдэл гээд бидний өдөр тутам ярьдаг эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд аль болох тогтвортой, олон улсын хэмжээнд сайн байвал зээлжих зэрэглэл нэмэгдэнэ. Тэгэхээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагч нар илүү зоригтойгоор мөнгө зээлүүлэх эсвэл хөрөнгө оруулж ирэх зэрэглэл бол наад зах нь BBB байх ёстой.


Бид зээлжих зэрэглэлээ ВВВ болгохын тулд юу хийх ёстой вэ?

Энэхүү зэрэглэлд хүрэхийн тулд BB зэрэглэлээсээ хоёр шатаар ахих шаардлагатай. Наад зах нь улстөр тогтвортой байх ёстой. Шийдвэрүүд тогтвортой мөрдөгддөг байх ёстой. Хууль, эрхзүйн орчин тогтвортой, ойлгомжтой байх, хувийн хэвшлийг дэмждэг байх, авлига хээл хахуулийг байхгүй болгох, эрчим хүчний хангамж буюу дулаан, цахилгаан тогтвортой байх, зам, харилцаа хөгжиж, гадаад худалдаа нэмэгдэж өсч байх ёстой. Цаашилбал, Монгол Улс өөрийгөө тэжээгээд явах хэмжээний дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай байх, төсвийн алдагдал болж өгвөл тэгтэй тэнцсэн байх, монгол төгрөгийн ханш тогтвортой байх, инфляц нэг оронтой тоонд орж буурах, ажилгүйдэл аль болох бага байх, гадаад улсад төлөх өр бидний төлбөрийн чадвараас хэтрэхгүй байх зэрэгт ахиц гаргах ёстой. Ингэж байж энэ бүх үзүүлэлт дээр тус бүрд нь үнэлгээ өгөөд нэгдсэн эцсийн дундаж оноог тавиад үзэхэд манай зээлжих зэрэглэл нэмэгдэж байх ёстой юм. Зэрэглэлээ нэмэгдүүлэхийн төлөө бид бүх улс даяараа хүчин чармайлт гаргаж, улстөрчид буюу шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил, иргэний нийгэм хамтарч ажиллаж байж энэ зэрэглэлээ нэмнэ. Түүнээс биш бүгдээрээ тал тал тийшээ хараад учраа олохгүй байвал манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ зэрэглэл бидний нүүр царайг дэлхий нийтэд харуулж байгаа толь юм. Тэрхүү толинд гадаад ертөнцийнхөн буюу хөрөнгө оруулагч нар бидний хоорондоо учраа олохгүй байгаа дүр төрхийг хараад тус бүрдээ дүгнэлт хийж байгаа.


Оны өмнө үе үеийн Ерөнхий сайд нар уулзсан. Тэр уулзалт дээр сайдууд “Манай улсын гадаад өр хэрээс хэтэрлээ. Тиймээс дахиж өр тавих хэрэггүй” гэдэг саналтай байсан. Гэтэл оны дараахан “Самурай” бондыг гаргачихлаа. Ер нь дахиж өр тавих хэрэг байна уу?

Монгол Улсад дотоодын хуримтлал маш бага. Гуравхан сая хүн амтай. Хүн амын дийлэнх нь ядуу зүдүү амьдралтай. Хувь хүний хадгаламж ч гэж алга. Компаниудад ч гэсэн илүүдэл хөрөнгө байхгүй. Гэтэл бидэнд улс үндэстний өмнө тавьсан том зорилго байгаа шүү дээ. Үсрэнгүй хөгжилтэй улс орон болно, бусад улс орноос дутахааргүй элбэг дэлбэг амьдарна гэдэг том зорилт. Үүний тулд цахилгаан станц барина, уул уурхай, зам, харилцаа, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөгжүүлнэ гэж байна. Энэ бүх зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бидэнд дотоодын санхүүжилтийн эх үүсвэр байхгүй. Тиймээс энэ эх үүсвэрийг гадаадаас оруулж ирнэ. Ингэхийн тулд хоёр арга бий. Эхнийх нь зээл. Засгийн газар Монгол Улсынхаа нэр хүндийг барьцаалж зээлнэ гэсэн үг. Үгүй бол хувийн хэвшил гадаадын компаниудаас буюу гадаад зах зээлээс зээл авна. Эсвэл гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсын тогтвортой орчинд итгээд өөрсдөө эрсдэлээ үүрээд манай улсад шууд хөрөнгө оруулах зам байгаа.


Өнөөдөр аль нь давамгай байна вэ?

Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх нь багассан. Бараг 50 хувиар буурчээ. Энэ бол сөрөг үзэгдэл. Аль болох эрсдэлээ өөрсдөө даагаад Монгол Улсад хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх нь манай улсад ашигтай. Яагаад гэвэл, бид тэр өрийг төлөх үүрэггүй. Гадаадын бизнес эрхлэгч компани амжилттай ажиллавал ашгаа аваад татвараа Монгол Улсад төлнө. Ашиггүй ажиллаж, хөрөнгө нь үнэгүйдэж үргүйдвэл эрсдэлээ өөрөө даана. Тийм учраас Монголын аль нэг компани юмуу улс тэр өрийг хариуцахгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын ашигтай тал нь энэ байдаг. Нөгөөтэйгүүр, Засгийн газар Улсынхаа нэр хүндийг барьцаалаад зээл авч болно. Хамгийн гол нь тэрхүү зээлийг үр ашигтай төсөлд зарцуулаад тав, арав, 15 жилийн дараа буюу өр төлөх хугацаа болоход нөгөө өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт шууд болон шууд бус замаар ашгаа өгч, төлбөрөө хийх чадвартай хэмжээнд хүрсэн байх ёстой.


Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг өнгөрсөн оны аравдугаар сард батлаад энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаагүй л байна?

Хөрөнгө оруулалтын санг мөнгөтэй хүн байгуулдаг. Юуны түрүүнд гадаадын хөрөнгө оруулагч нар ийм сан байгуулна шүү дээ. Монголд хөрөнгө оруулалтын сан байгуулах чадвартай иргэн эсвэл байгууллага, хувийн компани бараг алга байна гэхэд хилсдэхгүй. Бүгд л мөнгөний гачигдалтай байна. Тиймээс хөрөнгө оруулалтын санг гадаадын хөрөнгө оруулагч нар байгуулна гэж найдаж байгаа. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч нар манай улсад ямар нөхцөлд ийм сан байгуулах вэ. Хуулиас гадна олон улсын хэм хэмжээнд мөрдөгддөг маш олон хүчин зүйлүүд бий. Монголд бизнес хийх, хөрөнгө оруулах хууль, эрхзүй, улстөрийн орчин тогтвортой, шийдвэр гаргах хурд нь шуурхай, хүнд суртал, хээл хахууль, авлига байхгүй болох ёстой. Шүүх засаглал нь маргааныг түргэн шуурхай шийддэг чадвартай байх ёстой. Тиймээс энэ нь олон хүчин зүйлээс хамаарч байгаа юм. Мөнгөтэй хүн орж ирээд хөрөнгө оруулалтын сан байгуулна гэвэл эндүүрэл болно. Хууль, эрхзүйн орчныг бүрдүүлсэн нь үнэн. Энэ нь дэвшилттэй зүйл хэдий ч ганцхан хууль гаргаад л бүх зүйл сайхан болчихгүй.


Зээлжих зэрэглэл буурсан нь банк, санхүүгийн байгууллагуудад яаж нөлөөлдөг юм бол. Яагаад ингэж асууж байна вэ гэвэл банк бас өөрөө зээл гаргаж байгаа шүү дээ?

Улсын зээлжих зэрэглэл буурахад банкны салбарын зэрэглэлийг шууд бууруулна. Банкуудын зэрэглэл нэг үе улсын зэрэглэлээс өндөр явж байсан. Энэ нь 3-4 жилийн өмнө л дөө. Олон улсын зэрэглэл тогтоогч байгууллагууд тухайн орны аль нэг компанийн зэрэглэл улсынхаасаа өндөр байж болохгүй гэдэг өөрчлөлтийг зээлийн зэрэглэл тогтоох аргачлалдаа оруулсан. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн өмнө банкны зээлжих зэрэглэлийн төвшинг Монгол Улсын зэрэглэлтэй ижил төвшинд буулгасан. Тиймээс улсын зээлжих зэрэглэл буурвал банк болон Монголын компаниудын зэрэглэл дагаад буурна. Мэдээж хэрэг, энэ нь сайн үзүүлэлт биш. Банкууд бас өөрсдөө эрсдэлээ үүрээд гадаад зах зээлээс зээл авч байгаа. Зарим банк бонд гаргаж байна. Тэр гадаадаас авах зээл эсвэл бондын хүү өсөх аюултай. Өөрөөр хэлбэл, илүү үнэтэй мөнгө авчрах сөрөг үр дагавартай. Тиймээс энэхүү зэрэглэлийн ач холбогдлыг манай нийгэм тэр чигээрээ зөв ойлгох шаардлагатай юм. Тамын тогоон дотор хоорондоо үзэлцээд л байвал зэрэглэл буураад л байна. Харин нийтэч, хамтач, бүтээлч уур амьсгалтай байж, хүчээ нэгтгэвэл манай зэрэглэл нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр манай улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.


Гэхдээ цаг үеэ дагаад зээлжих зэрэглэл буурахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийг л асуумаар байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бид яагаад ийм нөхцөл байдалд орчихов оо. Зэрэглэл буурснаар бизнесийнхэнд тавих шалгуур яаж өөрчлөгдөх вэ? 

Нэг салбарт буюу уул уурхайн салбарт хэтэрхий их зээл олгосон байна. Банкны зээлдэгчид зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэх нь нэмэгдэж байна гэдгээр дүгнэж зээлжих зэрэглэлийг бууруулж байгаа шүү дээ. Тиймээс банкууд эдийн засгийн өсөлт буурвал зээлийнхээ хэмжээг багасгадаг. Хэрэв инфляц нэмэгдвэл банкны зээлийн хүү өсдөг. Тэгэхээр энэ чинь амьд организмтай адил тухайн нөхцөл байдалдаа тохируулж банкууд зээлийнхээ хэмжээг нэмэх, хасах, зээлийнхээ хүүг бууруулах, нэмэх энэ бүх тохируулгыг хийж явдаг. Иймэрхүү  байдлаар л банкны хэрэглэгч нарт нөлөөлнө.


Харин одоо манай улсын зээлжих зэрэглэл хэзээ тогтвортой болох бол. Танд анзаарагдсан зүйл байна уу? 

Удахгүй, оны дундуур зээлжих зэрэглэл тогтвортой болно.       


Мөн зээлжих зэрэглэл эдийн засагт нөлөөгөө үзүүлж, тогтворжих үед валютын ханшид хэрхэн нөлөөлөх бол?

Зээлжих зэрэглэл сайжрах, төгрөгийн ханш тогтвортой байх хоёр нь өөр хоорондоо шууд эерэг уялдаатай зүйл. Төгрөгийн ханш тогтворжвол зээлжих зэрэглэлд сайнаар нөлөөлөх нэгэн хүчин зүйл болно.

By author: tserendorj - Jan 30, 2014 / Categories: Interview