М.Болд: Ханш бол бидний эдийн засгийн бодит байдлын тусгал

eagle.mn

Монголын Банкуудын Холбооны тэргүүн, “Тэнгэр Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн гишүүн М.Болдтой ярилцлаа. 

  -Сүүлийн нэг жил орчмын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарлаа. Энэ ханшийн өөрчлөлтийн гол шалтгааныг та хэрхэн харж байна вэ? 

-Долларын ханш чангарч, төгрөгийн ханш суларна гэдэг энгийн л асуудал. Талхны үнэ өсөх, эсвэл буурч байгаатай л адил. Талх ховордвол талхны үнэ өсдөг. Мах ховордохоор махны үнэ өсдөгтэй адил доллар гэдэг нь нэг төрлийн бараа л юм. Энэ бараа ховордохоор төгрөгөөр илэрхийлэгдэх үнэ нь өсч байгаа. Тэгэхээр доллар яагаад ховордов гэдэг нь ойлгомжтой. Бид өөрсдөө үйлдвэрлээд, гадаадын зах зээл дээр доллар юм уу, өөр хатуу валютаар борлуулах боломжтой бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Тэгэхээр доллар орж ирэхгүй болчихсон. Ийм л шалтгаантай. Тийм учраас цаашид дотооддоо боловсруулаад, гадагш нь гаргаж, борлуулах, доллар, эсвэл хатуу валют олж ирэх тал дээр дорвитой өөрчлөлт хийх шаардлагатай.

 

-Ханш хэтэрхий их чангарлаа, монгол төгрөг цаас боллоо, Монголбанк ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл улстөрчдийн хүрээнд их явж байгаа. Бүр цаашилбал, Монголбанк ханшийг буулгах ёстой ч гэх хүмүүс байна. Ер нь ханшийг ямар нэгэн байдлаар хүчээр буулгах нь хэр оновчтой бодлого болох вэ? 

-Бодит байдал дээр ханшийг хэн ч буулгаж чадахгүй. Хэн нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан, эсвэл байгууллага буулгадаг зүйл биш. Сая миний дурьдсан жишээг ойлгож байвал талхаа хангалттай хэмжээнд үйлдвэрлэ. Махаа хангалттай хэмжээнд үйлдвэрлээд борлуул. Үүнтэй адилаар доллар олж ирдэг бараа, үйлчилгээгээ монголчууд хөгжүүлэх л ёстой. Тэгж байж, төгрөгийн ханш чангарч, долларын ханш буурна.

 

-Ам.долларын ханшийн энэ өөрчлөлт банк, санхүүгийн байгууллагуудад ямар нөлөөлөл үзүүлж байна вэ. Тухайлбал, ам.долларын хадгаламж өсөх гэх мэт дүр зураг харагдаж байгаа. Түүнчлэн долларын зээлтэй хүмүүсийн зээл чанаргүйдэж эхэлсэн гэх зэрэг мэдээллүүд бий?

-Ханшийн огцом өөрчлөлт мэдээж таагүй нөлөөг авчирч байгаа. Банкнаас доллараар зээл авсан харилцагчдад алдагдалтай байгаа. Тэр хэмжээний алдагдал банкин дээр гарч ирж байна. Банк ч бас алдагдал хүлээж байгаа. Харамсалтай нь бодит байдал ийм л байна.

  -Одоо тэгээд яах ёстой болж байна вэ?

-Ажлаа л хийх ёстой. Бүтээн байгуулалт хийж, гадаадад борлогдох бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах ганц л зам бий. Өөр ямар ч арга байхгүй. 

  -Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр зарласан. Энэ бодлогууд хэрэгжсэн тохиолдолд ханш дээр ямар үр дүнг авчрах бол?

-Мэдээж энэ ажлуудаа бодит үйл хэрэг болгож чадвал нааштай нөлөө гарах ёстой. Хамгийн гол нь монголчууд бүгдээрээ эвтэй, найрамдалтай, хийж бүтээхийн төлөө л явах хэрэгтэй. Хоорондоо хэрэлдээд, маргалдаж суух нь хэнд ч сайн зүйл авчрахгүй.

-Таны бодлоор Засгийн газар 100 хоногт энэ их ажлуудыг хийх боломж байна уу?

-Боломжгүй зүйл гэж байхгүй. Бүх юм боломжтой. Гол нь хийж чаддаг л байх ёстой.

  -Хаа сайгүй л ам.долларын ханш чангарчихлаа гэж халаглах хүмүүс олон байна. Ялангуяа улстөрчид?

-Одоо тэгээд гаслаад, гуниад, сэтгэл санаагаар унаад байх нь ач тусаа өгөхгүй л дээ. Үүссэн нөхцөл байдлыг зөв ухамсарлаад, хийж бүтээх ажилдаа л орох нь чухал.

  -Ханшийн өсөлттэй холбоотойгоор ам.долларын зээлүүд чанаргүйдэх болсон. Яг танай банкны хувьд өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ханштай холбоотойгоор зээлийн чанар дээр ямар өөрчлөлт ажиглагдаж байгаа бол?  

-Нийт 10 их наяд төгрөгийн зээлийг банкуудаас олгосон байгаа. Үүний 30 орчим хувь нь доллараар байгаа. Нийт зээлийн таван хувь нь л чанаргүй зээл гэж тооцогдож байгаа. Үүн дотроо дийлэнх нь уул уурхай, барилга гэх зэрэг салбар байгаа юм. 

  -Ханшийн өөрчлөлт импортын салбарынханд хүндээр тусч байгаа. Хамгийн сүүлд гэхэд “Изинис Эйрвэйс” гэж компани дампуурлаа зарлаж байна. Тэгэхээр танай харилцагчдын хувьд үүнтэй холбоотойгоор цөөрөх ч юм уу, тийм дүр зураг хадагдаж байгаа юу?

-Долларын ханш чангарахаар мэдээж импорт багасна. Импортыг багасгах нь зүй ёсны хэрэг. Жишээ нь Фижи гээд бидний урьд өмнө нь цөөхөн сонсож байсан Номхон далайн дунд байдаг арлаас цэвэр ус авчирч ууж байна шүү дээ. Номхон далайн дундаас цэвэр ус авчирч уух шаардлагагүй. Төгрөгийн ханш хэтэрхий чанга, доллар хэтэрхий хямд байгаа учраас Номхон далайгаас цэвэр ус импортолж байсан гэсэн үг. Энэ бол дэндүү тансаглал. Ийм төрлийн тансаглал буурах нь Монгол Улсад ашигтай. Монголынхоо цэвэр, цэнгэг, булаг, шандынхаа усыг уухад юу нь болохгүй байх билээ.

  -Тансаг хэрэглээний импорт нь тэгээд буурч байна уу?

-Мэдээж буурч байгаа. Доллар нь үнэтэй болоод ирэхээр цаашдаа ч буурна. Энэ оны эхний дөрвөн сарын худалдааны тэнцлээр импорт буурсан нь харагдаж байгаа. Юун түрүүнд тансаг хэрэглээнүүд хасагдаж байна. Нэн яаралтай, ойрын хэрэгцээнд шаардлагатай байгаа бараа, бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмжүүд орж ирж байгаа. Энэ бол сайн зүйл. Нөгөөтэйгүүр дотооддоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх таатай суурийг бий болгож байна гэсэн үг. Аливаа зүйл хартай, цагаантай. Хар цагаан хоёр үргэлж хосолж байдаг. Тэгэхээр нэг хэсэг зах зээл дээр сөрөг үзэгдэл гарч байлаа гэхэд нөгөө зах зээл дээр тэр хэмжээгээр том боломж нээгдэж байдаг. Энэ том боломжийг манай дотоодын үйлдвэрлэгчид олж харвал усаа өөрсдөө үйлдвэрлээд, Фижи арлаас ус зөөх шаардлагагүй болно.

  -Одоо Монголбанк мөнгөний бодлогоо хатууруулж, долларын ханшийг амыг татах ёстой гэх эдийн засагчид бас байна. Таны бодлоор?

-Мөнгөний хатуу бодлогод манайхан хэтэрхий их найдлага тавьдаг. Шидэт дохиур юм шиг боддог. Үндсэндээ төв банкны үнэт цаасны хүү дээш, доошоо хөдлөхийг л хэлж байгаа шүү дээ. Энэ бодлого тодорхой хэмжээнд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, багасгах нөлөөтэй. Гэхдээ бүхнийг шийдэхгүй. Мөнгөний нийлүүлэлтийг багасгах тухай ярьж байгаа бол улс орон даяараа мөнгө яаж олох вэ гээд л дэлхийн зах зээл дээр эрэл, хайгуул хийгээд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёр хоорондоо авцалдаагүй байна. Нэг хэсэг нь гаднаас мөнгө олж ирэх гээд хөлөө хугалах гээд явж байхад, нөгөө хэсэг нь дотоодод байгаа багахан хэмжээний мөнгөө хумина гэж ярьж байгаа нь ямар ч авцалдаагүй асуудал. Дотоодод байгаа мөнгөө үр ашигтай ашиглахын оронд хумина гэдэг нь байж болшгүй зүйл.

  -Монголбанкны зүгээс цаашдаа мөнгөний зөөлөн бодлогоо үргэлжлүүлнэ гэж байгаа. Үүнтэй холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудад ямар өөрчлөлт гарах вэ. Тухайлбал, иргэдийн хувьд удахгүй зээлийн хүү буурна гэсэн хүлээлттэй болчихсон?

-Зээлийн хүү 10, 20 жилийн өмнөхийг бодвол хамаагүй бага болсон. 20 жилийн өмнө сарын хүү найман хувьтай тэнцэж байлаа. Жилийн хүү 100-аад хувьтай. Өнөөдөр жилийн хүү 15-20 хувь байна. Инфляцийг тооцвол бодит хүү 5-6 хувьтай л тэнцэж байгаа. Инфляци 11-12 хувь байгаа шүү дээ. Тэгэхээр бодит хүү 5-6 хувьтай л байна. 

  -Цаашдаа үүнээс илүү буурах боломж байгаа юу?

-Боломж байгаа. Гол нь инфляциа бууруулах ёстой. Инфляциа бууруулахын тулд ухаалаг бодлого явуулах ёстой. Мөнгөний хатуу бодлого гэхээсээ илүү оновчтой, ухаалаг бодлого хэрэгтэй.

 

-Тэр нь юу байх вэ, ухаалаг бодлого гэдэг нь?

-Тэр нь Монголынхоо эдийн засагт тохирсон мөнгөний бодлогыг л хэрэгжүүлэх асуудал. Монголд үйлдвэрлэл, үйлчилгээ маш дорой, доод төвшинд байна. Тэгэхээр дотооддоо үйлдвэрлэж болох ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг мөнгөний бодлогоор дэмжих бодлогыг илүү ухаалаг гэж хэлнэ. Түүнээс биш дашраар нь мөнгөний хатуу бодлого явуулдаг, зээл өгдөггүй байж болохгүй.

 

-Та Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг хэрхэн харж байна вэ. Зөв, эсвэл буруу байсан гэх шүүмжлэл одоо ч гэсэн өрнөж л байгаа?

-Миний бодлоор юм хийсэн хүнийг юм хийгээгүй хүмүүс шүүмжлэх дуртай л даа. Уг нь юм хийсэн хүнийг дэмжих, илүү боловсронгуй болгох, алдаа, дутагдал байвал түүнийг нь хэлж өгөөд, улам сайжруулах тал руу л явах ёстой. Түүнээс биш буруу болчихлоо гэж шүүмжлэх нь хэнд ч ашиггүй.  

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Л.Энхдэлгэр

By author: tserendorj - May 28, 2014 / Categories: Interview