Bloomberg: М.Болд "Хөрөнгө оруулалтын орчин эргээд тогтвортой болсныг зарлах ховор боломж гарч ирж байна"

Bloomberg: М.Болд "Хөрөнгө оруулалтын орчин эргээд тогтвортой болсныг зарлах ховор боломж гарч ирж байна" 

НҮБ болон Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоолсноор өдөрт 10-100 ам.долларын орлого, зарлагатай иргэдийг дундаж давхаргын ангилалд тооцдог аж. Харин Монгол Улсын хувьд дундаж орлоготой өрхийн тоо 715 мянгад хүрсэн байна. Улс орны эдийн засгийн хамгийн гол хөдөлгөгч хүч болсон дундаж давхаргын талаар болон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцооны талаар “Тэнгэр санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал М.Болдтой ярилцлаа

Зургийг: С.Бадаг

Давост болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга, уулзалтын үеэр дундаж давхаргыг цаашид хэрхэн нэмэгдүүлэх талаар хэлэлцүүлгүүд өрнөж байна. Монгол Улсын хэмжээнд дундаж давхаргын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хэр байна гэж та хэлэх вэ?

Монгол Улсын хувьд хүн амын дийлэнх нь ядуу амьдарч байгаа. Дундаж давхаргыг бий болгох зорилго бол нэлээн урт хугацаа шаардсан зүйл. Хамгийн гол нь хувийн хэвшлийн үүсгэл санаачилгыг Засаг төрөөс дэмжиж, орчныг нь бүрдүүлэх шаардлагатай байгаа юм. Хувь хүний үүсгэл, санаачилга бол хязгааргүй. Хүрэх үр дүн нь ч мөн хязгааргүй байдаг. Тэгэхээр үр дүнг нь гүйцэтгэл болгож, бодит амьдрал болгож хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг тогтвортой болгох шаардлагатай. Маргаан гарвал шүүхийн шийдвэрээр түргэн шуурхай шийддэг нөхцөл бүрдэх ёстой. Мөн дулаан, цахилгаанаар саадгүй хангачихдаг, зам харилцаа нь чөлөөтэй байдаг, гадаад дотоодын худалдаа хийхэд урд, хойд хөршийн хилээр саадгүй гардаг нөхцлийг бүрдүүлж байж Монгол Улсын дундаж давхарга бий болох боломжтой. Сүүлийн үед Засгийн газраас түлхэц болгож авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бол иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр. Зарим нэг зүйл дээр Засгийн газраас түлхэц шаардлагатай байгаа. Үүний үр дүнд иргэн хөдөлмөрлөх, том компанид ороод үр бүтээлтэй ажиллах эсвэл хувиараа хөдөлмөр эрхлээд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх боломж бий болгоно. Ингэж байж Монгол Улсад дундаж давхарга арай богино хугацаанд бий болно.


Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын онцлогийг бидний зүгээс харахад Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбаруудыг танилцуулах байгаа. Үүний гол ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ?

Монгол Улсын хөгжлийн стратегийн баримт бичгийг өнгөрсөн оны “Эдийн засгийн форум” болсноос хойш боловсруулж байгаа. Энэ бол Монголын хувийн хэвшил, төр засгийн шийдвэр гаргагчид болон гадаадын хөрөнгө оруулагч нараас санал авч боловсруулж буй баримт бичиг. Эхний хувилбарыг өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн гол асуудал бол уул уурхайтай Монгол Улс, уул уурхайгүй Монгол Улс гэсэн гол хоёр хувилбарыг хэлэлцсэн. Уул уурхайтай байлаа гэхэд түүхий эдийн үнэ одоогийнх шиг уначихвал яах вэ гэдэг асуудал тулгарч байна. Тэгэхээр мэдээж эдийн засгаа төрөлжүүлэх буюу зөвхөн уул уурхайн салбар биш олон салбарыг зэрэг хөгжүүлэх шаардлагатай гэдэг энгийн гаргалгаа гарч байгаа юм. Мөн урд, хойд хөрштэйгээ зөв бодлого явуулж, гадаад худалдаагаа саадгүй явуулах орчныг бүрдүүлэх шаардлагатай гэсэн асуудал урган гарч буй. Дотоодын үйлдвэрлэл бүхнийг хийж чадахгүй. Тэгэхээр гол, гол чиглэлүүдээр экспортын чиглэлтэй үйлдвэрийг хөгжүүлэх талаар хувийн хэвшил, төр засаг хамтарч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлтүүд гарч байгаа юм.


Эдгээр хувилбаруудыг танилцуулснаар нийт хөрөнгө оруулагчдын хандлагад хэрхэн нөлөөлөх бол?

Энэ бол ховор боломж. Өөрөөр хэлбэл Давосын чуулганд цугларсан гадаадын нэр, төртэй бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчдын анхааралд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин эргээд тогтвортой боллоо гэдгийг зарлах ховор боломж гарч ирж байна. Ялангуяа энэ оноос хэрэгжиж эхэлж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөв ойлгож, танилцуулах нь чухал. Тийм учраас хууль эрх зүйн талаас тогтвортой байдал бий болж байна. Тогтвортой байдал бий болсноор гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсыг эргэж сонирхох эхлэл тавигдах болов уу гэж бодож байна.


Таны хувьд, чуулга уулзалтын үеэр Хөгжлийн стратегийн ямар хувилбаруудыг танилцуулна гэсэн хүлээлтттэй байна. Мөн энэ хүрээнд ямар чиг, бодлогыг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна вэ?

Уул уурхайг түшиглэсэн Монгол Улсын хөгжил, уул уурхайгүй бусад салбарыг ижил тэнцүү хөгжүүлсэн Монгол Улсын стратеги гэсэн үндсэн хоёр чиглэлээр хэлэлцүүлэг өрнөх байх гэж бодож байна. Монгол Улс төрөлжсөн эдийн засагтай буюу уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудыг тэнцүү хөгжүүлсэн эдийн засагтай байвал илүү тогтвортой, урт удаан хугацаанд хөгжих стратеги болох болов уу гэж үзэж байна. Энэ бол миний болон манай дэд хуралдаанд оролцож байсан дийлэнх хүмүүсийн үзэл бодол. Тухайлбал уул уурхайтай байхад давуу болон сөрөг тал гэж бий. Давуу тал нь Монгол Улс хурдан хөгжинө, гэхдээ донсолгоо ихтэй байна. Тодруулбал уул уурхайг дагаад авлига, хээл хахууль хөгжихөөс гадна байгаль, орчин сүйдэх магадлал их зэрэг хүчин зүйлс бий. Харин уул уурхайгүйгээр бусад салбарт буюу хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний салбарыг түшиглэвэл хөгжлийн хурдац нь удаан байх боловч илүү аядуу тайван, намуун хөгжилтэй байх болов уу гэсэн зүйл харагдаж байгаа юм.

By author: admin - Jan 23, 2014 / Categories: Interview